УИХ-ын чуулганы энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эмч, багш нар цалин урамшууллаа нэмэгдүүлэх шаардлага тавьж жагсаж эхэлснийг онцлоод Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй байхаар тусгасныг биелүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сонирхож байлаа. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас татварын бааз сууриа өргөжүүлэх, шинэчлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн тайланг энгийн болгох, татварын дарамтыг бууруулах бодлого барьж байгааг онцлохын зэрэгцээ 2019 онд нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж, нэмэгдүүлнэ гэж байлаа.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа залуусын олонх нь амьдралын боломж, нөхцөл тааруу өрхийн хүүхдүүд байдаг. Иймд тэдгээр хүүхдүүдэд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгоход жилдээ 20 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо, судалгаа бий. Үүнийг 2019 оны төсөвт суулгахаар салбарын яамны зүгээс судалж байгаа аж.