Малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулах ёслолын ажиллагаа Төрийн банкинд болж, Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны захирал Б.Баттүвшин нар гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Төрийн банкны ТУЗ-ын дарга Ц.Туваан, Монгол банкны захирал Н.Золжаргал нар оролцлоо.
Энэ үеэр жилийн 29,5 хувийн хүүтэй байсан 17,557 зээлийг 18 хувьд шилжүүллээ.
2015 оны мал аж ахуйн тооллогын урьдчилсан мэдээгээр 153,1 мянган малчин өрх 55,9 сая малтай байна. Малын тоо нь өссөн хэдий ч түүхий эд, бүтээгдэхүүний үнэ бууралттай байгаагаас малчдын орлогод нөлөөлөл бага байна.
Өнөөдрийн байдлаар Монгол банкны мэдээгээр 120,0 мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 222,7 тэрбум төгрөгийн 26,5-29,5 хувийн хүүтэй зээлтэй байгаа юм. Энэ байдлыг сайжруулахаар малчны зээлийн хүүг жилийн 18 болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн.
Төрийн банк нь малчдын зээлийн хүүг 18 хувь болгон бууруулснаар Хаан банк болон бусад банкууд өрсөлдөөний зарчмаар малчны зээлийн хүүгээ 18-22 хувьд хүргэн бууруулах боломжтой гэж үзэж буй бөгөөд Хаан банк болон бусад банкийг зээлийн хүүгээ бууруулахыг уриалж байна.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ үеэр,
Зээлийн хүүг бууруулснаар малчдын зээлийн хүүгийн ачаалал багасч, ахуй амьдрал болон үйлдвэрлэл эрхлэхэд нь ихээхэн дэм болно гэж үзэж байна.
Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгох зохион байгуулалтыг ирэх сард хийнэ гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.