Хятадын хамгийн
баян хүний нэг Лю Ханыг авлигын хэргээр цаазаар авсан нь тус улс төдийгүй хөрш
орнуудад томоохон дуулиан болж байна. Лю Хан нь төмрийн хүдрийн олборлолт,
борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг болох Хятадын Ханлон /Hanlong/ төмрийн компанийн эзэн бөгөөд Хятадын хамгийн
баян чинээлэг олигархийн нэг байсан юм.
Тэрбээр БНХАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 зүйл ангид гэм буруутай нь тоогтогдож, тэр даруй цаазаар
авчээ. Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш мөрдөн шалгагдаж байсан Лю Хан мөрдөн шалгалтаар хүн амины хэрэг үйлддэг
томоохон гэмт бүлэглэлийн нууц ноёнтон байснаас гадна хууль бус зэвсгийн
наймаа, мөрийтэй тоглоом зэрэгт холбоотой байжээ.
Гэхдээ хамгийн гол нь түүнийг
авлига, хээл хахуулийн хэрэгт сэжиглэн саатуулж, шалгаж эхлэх явцад эдгээр гэмт
хэргүүд нь илэрсэн юм. Хятадын өнөөгийн Засгийн газар авлигатай маш хатуу
тэмцэл өрнүүлсэн бөгөөд авлига авагсдыг үг дуугүй цаазаар авч байгаа юм. Тэгвэл
энэ удаад Хятадын Сычуань мужид \”хаан” хэмээн өргөмжлөгдөж байсан Лю Ханыг
ойрын тойрон хүрээлэгчид дундаас нь дөрвөн хүний хамт үг дуугүй цаазар авч,
түүний 1997 онд байгуулагдсан, дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн Ханлон
компанийг нь 300 сая юаниар торгох шийдвэр гаргажээ.
Учир нь Ханлон компани
банкны зээл авахдаа худал мэдээлэл гаргадаг байсан аж. Хонконгийн сэтгүүлчдийн
мэдээлснээр, Лю Ханы хамтаар цаазлагдсан дөрвөн хүний дотор Төрийн аюулгүй
байдлын экс дарга Чоу Юнкан байжээ. Чоу Юнкан Тагнуулын газрын даргаар ажиллаж
байхдаа бусдаас ихээхэн хэмжээний авлига авч тагнуулын байгууллагад ажилд
оруулахаас гадна өөрийн хамаатан садан, найз нөхдийг өндөр албан тушаалд
томилдог байсан аж.