Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн /ХОМ/ бүрдүүлэлт эхлэв.
ХОМ-ын бүрдүүлэлтийг нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах юм байна. Энэ жилийн хувьд 40 орчим мянган төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх урьдчилсан тооцоо байгаа аж. Уг нь өмнөх жилүүдэд ХОМ-ийг төрийн албаны 51 мянган хүн өгдөг байсныг өнгөрсөн онд хассан билээ.
Өнгөрсөн жил 18 мянга гаруй ХОМ мэдүүлэгчийг хассан юм. Ингэхдээ ашиг сонирхлын эрсдэлд орох магадлал бага алба хаагчдыг ХОМ-ээс хассан. Ингэснээр өнгөрсөн жил 38 421 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон, хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргажээ.
Төрийн алба хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ-ээ гаргахдаа алдаа гаргавал зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувиар торгох, албан тушаалаас нь бууруулах, ажлаас халах гэсэн хариуцлага хүлээлгэдэг байна. Харин УИХ-ын гишүүд ХОМ-ээ буруу мэдүүлвэл Ёс зүйн дэд хороо мэдүүлгийг нь шалгаж, хариуцлага тооцдог. Ингээд төрийн алба хаагчдын ХОМ-ийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл авах юм.