Баянзүрх дүүргийн иргэн Э гэгч энэ сарын 26-нд зуслангийн газраасаа нийслэл хотод байлдааны зориулалтын гар бөмбөг авчирсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлж байсан билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр байлдааны зориулалтын гар бөмбөгийг тоглоомон гар бөмбөг гэж андууран БЗД дэх гэртээ авчирчээ. Гэхдээ тэрээр уг гар бөмбөгийг юутай ч гэсэн холбогдох газарт нь шалгуулая гэж шийдэн цагдаагийн байгууллагад амжиж хандсанаар, тоглоомон гар бөмбөг биш өөрийг нь төдийгүй орчин тойрныг нь дэлбэлэх аюултай байсныг олж мэдсэн байна.
Тавдугаар 26-ны өдрийн 20.30 минутад цагдаагийн байгууллагад энэ мэдээллийг иргэн Э өөрөө өгсөн бөгөөд өөрийнх нь мэдүүлж байгаагаар тэрээр зуслангийнхаа өвсийг хадаж байхдаа уг гранатыг олжээ.
Иргэн Э энэ тухайгаа “Гар бөмбөгийн татдаг хэсэг нь хөдөлчихсөн тасрахад бэлэн байсан. Магадгүй олон жил бороо шороонд байсан болохоор утас нь элэгдээд мултрахад бэлэн болчихсон байсан байх. Цагдаа нар хүрч ирээд амьд явах хувьтай л хүн юм гэж надад хэлсэн. Аюулгүй гэж бодож байсан ч албаныхан тэгж хэлэхэд ямар хэмжээний аюултай зүйлийг машиндаа тээвэрлэж ирснээ ойлгосон” хэмээн ярьсан байна.
Харин энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн 27 настай Э гэгч нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Яргайтын Богины амнаас гранатыг машиндаа тээвэрлэн авчирсан байсан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэсэн юм. Мөн уг гранатыг Зэвсэгт хүчний 084-р ангийн инженерийн бүлгийн ажилтнууд аюулгүй болгож, шаардлагатай арга хэмжээг аван устгажээ. Харин холбогдох албаныхан иргэд хаа нэгтээгээс иймэрхүү зэвсгийн шинжтэй зүйл олбол яаралтай холбогдох байгууллагуудад хандах шаардлагатайг анхаарууллаа.