“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон билээ. Монгол үндэсний, Өвөрмонгол, Буриад гэсэн гурван төрлийн барилдаан болох бөгөөд Үндэсний бөхийн холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр болох аж.
Монгол туургатны бөхийн барилдаан нь анх 2008 онд Улаанбаатарт болж байсан юм байна. Тэгвэл 10 жилийн дараа дахин зохион байгуулагдахаар болжээ. Барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас бөхчүүд ирж оролцохоор болж, бүртгэлээ өгөөд эхэлсэн ажээ. Бөхчүүдийн өмсгөл тухайн улсын ёс заншлаас хамааран өөр өөр байдаг бөгөөд тодруулбал, Өвөрмонгол бөхчүүд хуучин уламжлалаараа ширэн зодгоо өмсч, хүзүүндээ олон цацаг зангиатай байх юм байна.