Өнөөдөр Бүгд найрамдах Буриад улс тунхагласны 95 жилийн ой тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан Буриадад энэ долоо хоногийг дуустал олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах аж. Тухайлбал, угсаатны соёлын их наадам, “Бүгд найрамдах улс дуулж байна” хөгжмийн тоглолт болж, түүхэн сэдэвт үзэсгэлэнгүүд тавигдахаас гадна хүүхэд багачуудад зориулсан янз бүрийн хөгжөөнт арга хэмжээнүүд болох юм байна. Бүгд найрамдах Буриад улсын өдрийг тус улсад өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэхээр болсон бөгөөд Зөвлөлт Социалист Бүгд найрамдах Буриад-Монгол Автономит улсыг байгуулах тухай тогтоолыг анх 1923 оны 5 дугаар сарын 30-нд Бүх Оросын Төв гүйцэтгэх хорооны тэргүүлэгчид баталж байжээ.
Бүгд найрамдах Буриад улс тунхагласны 95 жилийн ойн баярын арга хэмжээнүүд 6 дугаар сарын 3 хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд хүүхэд залуучуудад зориулсан янз бүрийн үйл ажиллагаа, ардын уран бүтээлчдийн урлаг соёлын тоглолтууд, спортын тэмцээн уралдаанууд зохион байгуулагдахын сацуу Буриад улсын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна.