Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан \”Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх
тухай” удирдамжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа газруудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулж, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэн иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилготойгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний шошгонд үйлдвэрлэсэн газрын хаяг бичигдээгүй, үйлдвэрлэсэн он сар тавигдаагүй, орц найрлагыг тодорхой тусгадаггүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Мөн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүний зориулалтын хөргөх төхөөрөмжинд хадгалж, худалдаалах нөхцлийг бүрдүүлээгүй ил задгай лангуугаар тавих, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй хольж байрлуулах зэрэг дотоодын хяналтыг бүрэн тавьж хэрэгжүүлдэггүй зөрчлүүд илэрсээр байна.
Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүнээ худалдаанд нийлүүлэхдээ тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангасан тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдэн тараасан зөрчил илэрлээ.
Иймд иргэд хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа зориулалтын хөргөх төхөөрөмжинд хадгалах нөхцлийг бүрдүүлсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхэд болон хаяг шошгын мэдээллийг бүрэн шалгаж авч байхыг сэрэмжлүүлж байна.
Мөн худалдааны газрууд дотоод хяналтыг сайжруулж, хүнсний бараа бүтээгдэхүүнд дагалдан ирж байгаа бүтээгдэхүүний дүгнэлт, шинжилгээний бичгийг сайтар шалган авч, иргэдэд аюулгүй, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилж байх нь зүйтэй байна.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар