\”Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, даатгалд хамруулаагүй, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулаагүй бол цаашид өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох нь зүйтэй” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэллээ. Тэрбээр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлага, албан хаагчидтай цахим хурал хийхдээ ийм чиглэл өгсөн байна.
Хурдан морины уралдаан зохион байгуулах аймгийн комисст улсын байцаагч нараа оруулж, бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнуудад зөвлөмж хүргүүлж, байнгын хяналт тавихыг үүрэг болгов гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.