Өвөлжилт хүндэрч,
ихэнх аймагт зудын нөхцөл байдал үүсээд байгаа талаар Шадар сайд Ц.Оюунбаатар
Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулжээ.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан
бүрхүүл тогтсон, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу
байдалтай байгаа бөгөөд 2 дугаар сарын 22-ны байдлаар малын хорогдол 125 мянгад
хүрээд байгаа аж. Малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс,
тэжээл худалдан авах боломжгүй болсон, отрын бүс нутагт бэлчээрийн даац
хэтэрсэн, туурайн зуд болох төлөв ажиглагдаж байна.
Мөн малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдсэн, вакцины
хомсдол үүссэн, малчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд автомашины хүрэлцээ
муу байгаа учраас өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, цаашид
гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн
байгууллагуудаас тусламж хүсэхээр шийдвэр гаргалаа.