Эрүүгийн цагдаагийн газрын Хар
тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хар тамхи улсын хил
нэвтрүүлсэн хэргийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Монгол Улсын иргэн 1988
онд төрсөн эмэгтэй З, 1988 онд төрсөн эрэгтэй А нарыг 2016 оны хоёрдугаар сарын
20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатарт ирэх үед нь баривчлан шалгахад
ICE буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг их хэмжээгээр тээвэрлэж явсныг
илрүүлсэн байна. Үүнийг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн
мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Харин сэжигтэн З, А нарыг
баривчлах үед мансуурсан эсэхийг шалгахад метамфетамины төрлийн сэтгэцэд
нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Уг хэрэгт холбогдон
шалгагдаж буй эмэгтэй З гэгч өмнө нь улсын хилээр удаа дараа сэтгэцэд нөлөөлөх
бодис оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Мөн хэрэгт
холбогдсон А нь Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ажилладаг
төрийн алба хаагч байжээ. Хэрэгт
холбогдсон этгээдүүдийг энэ сарын 21-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан
хорих 461 дүгээр ангид хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.
Өмнө нь БГД-ийн удирдах албан тушаалтан Б гэгч хип хоп хамтлагийнхантай хар тамхи хэрэглэсэн, зөөвөрлөсөн хэрэгт буруутгагдан улмаар асуудал шүүхэд шилжиж байсан. Гэвч Б-г шүүхээс \”харж үзэн\” тэнсэн харгалзах ял оногдуулж байсан юм.