Хүнс, Хөдөө аж ахуйн яам, \”Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран \”ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ХОРШОО-АНХ УДАА” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мэнджаргал, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, \”Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ний Логистик барааны албаны дарга Ж.Эрдэнэболд болон холбогдох албаны дарга, мэргэжилтэн, хоршооны гишүүд оролцож биржийн арилжаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэж биржийн арилжааг эхлүүлсэн юм.
Хөдөө аж ахуйн биржийн орон нутгаас явуулж буй анхны арилжаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын \” Хотол таван эрдэнэ ” хоршоо оролцсон бөгөөд тус хоршооноос арилжаанд 900 кг буюу 9 богц үргэлж, цагаан, боловсруулаагүй хонины ноосыг захиалганд орууллаа.
Биржийн байнгын бус гишүүн оролцогч болох хоршоо нь анх удаа Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцож байгаагаас гадна өөрийн орон нутгаас онлайн хэлбэрээр оролцож байгаа нь бас нэг онцлох үйл явдал юм. Ингэснээр хоршоод нь орон нутагт байрлах ажлын байрнаасаа арилжаанд оролцож өөрсдийн гишүүдийн бараа, түүхий эдийг арилжих боломж бололцоо бүрдэж байгаа юм. Хоршоод орон нутгаас арилжаанд оролцох нь хоршооны гишүүн, малчид тариаланчдад дараах давуу байдлыг олгож байгаа юм. Үүнд: 1-рт Хоршоо нь арилжааны үр дүнд зах зээлийн бодит үнээр өөрсдийн бараа, түүхий эдийг орон нутгаасаа арилжих, түүхий эдийн зах зээлийн үнийг тогтмол хүлээн авах, орон нутгийн малчид, мал бүхий иргэдэд түгээх, 2-рт Өөрийн бэлтгэсэн бараа, түүхий эдийг шат дамжлагагүйгээр худалдах , тээвэрлэлтийн өртөг буурах улмаар өөрсдийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх давуу талууд үүснэ. Нөгөө талаас үндэсний үйлдвэрлэгчид маань түүхий эдийн бэлтгэлийн анхан шатны нэгжээс өөрийн үйлдвэрийн түүхий эдийг худалдан авах боломжийг давхар нээж өгч байна.