Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижи өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эмиратын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ноён Абдулла Абдулрахманд Эмиратаас Монгол Улсад байнга суух анхны Элчин сайд болж буйд нь баяр хүргэв. Мөн тэрээр Монгол, Эмират нь уламжлалт найрсаг харилцаатай орнууд болохыг дурдаж, ийнхүү Элчин сайдын яамаа байгуулж буй нь Эмиратын Засгийн газрын зүгээс хоёр талын харилцаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Абдулла Абдулрахман хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ тэмдэглэв. Нэн ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэв.