Дархан-Уул аймаг нь БНСУ-ын Кёнги аймагтай 2014 онд \”Найрамдалт харилцаа байгуулах санамж бичигт” гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгийн Төлөөлөгчид өмнө нь манай аймагт хоёр удаа айлчлан ирсэн билээ. Энэ удаа Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын урилгаар манай аймагт Кёнги аймгийн Хурлын \”Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Ху тэргүүтэй Аюулгүй байдлын хорооны гишүүн Бак Чан Сүн, Барилга зам тээврийн хорооны гишүүн Күон Ён Чон, Гамшгаас сэргийлэх аюулгүй байдлын яамны ажилтан И Кон Юу, И Сүн Хю нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид айлчиллаа. Тэднийг аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд аймгийн удирдлагууд хүлээн авч албан уулзалт хийв. Үүний дараагаар тус аймгийн төлөөлөгчид Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Орхон сумын Эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон 4 авто машиныг гардуулсан юм.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 100 гаруй мянган хүн амд түргэн тусламжийн үйлчилгээ болоод гал түймрийн аюул, байгалийн гамшгаас хамгаалах нийт 45 авто машин байдаг. Гэвч энэ нь иргэдэд яаралтай түргэн тусламж үзүүлэхэд ачаалалд хүрэлцдэггүй бэрхшээл байсан бол одоо түргэн шуурхай, чанартай хүргэхэд ихээхэн хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд илэрхийллээ.
Дээрх төлөөлөгчид Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж ирэх онд багаж хэрэгслийн тусламж үзүүлэхээс гадна Онцгой байдлын газрын албан хаагчдыг Кёнги аймагт мэргэжлээр нь сургах боломж байгаа сайхан мэдээг дуулгалаа. Мөн энэ өдөр тус аймгийн төлөөлөгчид аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дархан Минж ХХК-ийн үйлдвэрээр зочилсон юм. Энэ үеэр талууд цаашид Боловсрол, Эрүүл мэнд, Соёл, Аж үйлдвэр, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
М.Гүнжинлхам