“Талын салхи-2018” олон улсын мото спортын наадмыг зохион байгууллагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус наадмыг тэргүүлэх юм байна. Энэхүү наадамд “Цайны зам”-ын холбооны гишүүн улс ОХУ-аас 50, БНХАУ-аас 50, Монголоос 350 гаруй мото спортын тамирчин оролцох юм байна. ӨМӨЗО, Франц, Германы нийт 790 мото спорт сонирхогч Сүхбаатарын талбайгаас Тэрэлж дэх “Мондэ” амралтын газар руу хөдлөх үндсэн маршруттай ажээ.
Наадам эхлэхийн өмнө мотоцикльчдын жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, аюулгүй байдлын хэрэгсэл, бүртгүүлсэн анкет зэргийг шалгах юм байна. Ямар нэгэн зөрчил илэрвэл наадамд оролцуулахгүй аж. Чопперчид холбоо болон нэгдэж, Замын Цагдаагийн газартай хамтран ажилласнаар мотоциклийн осолд өртөх иргэдийн тоо буурсан төдийгүй замын хөдөлгөөн, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг болсон гэдгийг мэдэгдлээ. Наадмыг зохион байгуулагчид энэхүү наадмаа Ази тивд томоохонд тооцогддог мото спортын наадам болгон өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгав.
Түүнчлэн “Мондэ” амралтын газарт байрлах мото наадмын талбайд 300-400 мотоциклийн үзэсгэлэн гарах бөгөөд “Харанга”, Хурд, Нисванис, Ice Top, реппер Big Gee, NMN зэрэг хамтлаг дуучдын тоглолт, уран нугаралт, циркийн үзүүлбэрийг үнэ төлбөргүй толилуулах юм байна.