Хэнтий аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаан 76,9 хувийн ирцтэйгээр өнгөрөгч 1-р сарын 26-ны өдөр болж, 7 асуудлыг хэлэлцэж тогтоолуудыг баталжээ.
Үүнээс онцолбол: Аймгийн хэмжээнд Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумдын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар өнгөт чулууг олборлож эхэлсэн байдаг. Өнгөт чулуу нь байгальд хөрсөн дээр өөрийнхөө тогтоцоор байдаг үнэт эдлэлийг хийхэд хэрэглэдэг чулуу ч үүнийг эх орондоо хэрэглэх биш нууцаар хил давуулан худалдаалж байгаа нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон.
Тиймээс аймгийн ИТХ-ын 16-р хуралдаанаар хэлэлцэн байгалийн өнгөт чулууг олборлох, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэхийг хориглосон шийдвэрийг гаргалаа.
Хэрвээ хориглохгүй бол газар болон түүний хэвлийг сүйтгэх, түүнчлэн газрын гүнрүү ухаж чулууг олборлож байгаа нь малын бэлчээрийг талхлахаас эхлээд байгаль орчныг сүйтгэх маш их сөрөг үр дагавартай хэмээн аймгийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дүгнэлт хийсэн байна. Мөн өнгөт чулууг хууль бусаар олборлож, худалдаж, худалдан авч, хадгалж, тээвэрлэж байгаа иргэдийг мэдээлсэн иргэнийг ГХУСАЗСЗ-өөс гаргасан журмын дагуу урамшуулах аж. Мэдээж мэдээллийн нууцыг чандлан сахина.
ЭХ СУРВАЛЖ: ХЭНТИЙ МЭДЭЭ СОНИН