АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ынд тус улстай цаашдын ажиллагаагаа сайжруулах хүрээнд хоригоо татах бодолтой байгаа талаар мэдэгдэжээ. Хойд Солонгосын СТМА/ЦТАК/-ийн мэдээлсэнээр Сингапур дахь дээд хэмжээний уулзалтан дээр Трамп энэ талаар хэлжээ. Үүний зэрэгцээ, Пхеньяны талаас аюул занал, өдөөн хатгалаг гэж үздэг Өмнөд Солонгостой явуулдаг цэргийн хээрийн сургуулиа зогсоохыг хүсдэгээ хэлсэн гэжээ.
“Трамп өөрийхөө саналын талаар <….> харилцан ярилцах болон хэлэлцээрийн замаар хоёр талын харьцааг цаашид сайжруулах хүрээнд БНАСАУ-д аюулгүйн байдлын баталгаа өгч хоригоо татахаар мэдэгдсэн” гэж мэдээлэлд дурьджээ.
Зургадугаар сарын 12-нд Сингапурт АНУ ба БНАСАУ-ын тэргүүнүүд түүхэндээ анхны дээд хэмжээний уулзалтыг хийсэн. Дональд Трамп, Ким Чен Ын хоёр 45 минут нүүр тулан ярилцсан ба дараа нь туслахуудтайгаа хамтарч уулзалтаа үргэлжлүүлсэн юм.
Хэлэлцээрийн үр дүнгээр хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийг урьдчилж бодолцсон баримт бичигт гарын үсэг зурсан. Трамп уулзалтыг маш үр дүнтэй, Ким Чен Ын ухаалаг ярилцагч байсан гэж цохон тэмдэглэсэн юм.
“Тэр хүчтэй залуу. Хүмүүс “тэр ямар байв?” гэж асуусан. Тэр хөгжилтэй, маш их ухаалаг, сайхан харилцан ярилцагч байлаа. Тэр маш их алсын хараатай залуу.” гэж Трамп Fox News-д ярилцлага өгсөн аж. Дээд хэмжээний уулзалтын дараа БНАСАУ-ын тэргүүн АНУ-д айлчлах урилгыг авчээ.
Ц.Пүрэвдорж