Ашиглалтын хугацаа нь дууссан микробусыг гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлүүлэхгүй байх шийдвэрийг Тээврийн газраас гаргасан байсан ч буцаж, хугацааг нь нэг сараар хойшлуулжээ. Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-н хүртэл микробусууд нь тогтсон чиглэлдээ нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх юм байна.
Тээврийн газраас хугацаагаа сунгасан нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд доголдол үүснэ гэж үзсэнтэй холбоотой аж. Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 900 гаруй автобус гардаг бол 390 гаруй микробус мөн зорчигчдод үйлчилгээ үзүүлж, ачаанаас үүрэлцдэг байна. Гэвч дийлэнхийнх нь буюу 350 гаруй микробусын ашиглалтын хугацаа дуусчээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явах микробусын насыг үйлдвэрлэгдсэн оноор нь буюу 10 жилээр хязгаарладаг байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа микробусын олонхи нь 2006 оноос өмнө үйлдвэрлэгдсэн байдаг аж.