Монголын оюутны байгууллага үүсч хөгжсөний 73 жилийн ойн өдөр буюу гуравдугаар сарын 4-ний 14.00 цагаас оюутнууд тайван жагсаал хийхээр болжээ.
Оюутнууд энэ жагсаалаараа Засгийн газар, БСШУЯ болон бусад холбоотой байгууллагуудад хандан оюутныг ажлын байраар хангах тухай болон 70200 төгрөгийн тэтгэлэг, нийтийн тээвэр, оюутны эрхийн тухай асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавих аж. Энэ тухай өнөөдөр Монголын оюутны холбооноос мэдээлэл хийсэн бөгөөд жагсаалын үеэр оролцохоор ирсэн оюутнуудаас анкет авч, мэдээллийн сан бүрдүүлж, АСЕМ-д ажиллах бүртгэл хийхээр мөн төлөвлөжээ. Учир нь долдугаар сард оюутны амралт таарах учир олон мянган оюутан АСЕМ-ын уулзалтад хөтөч, орчуулагч болон урлаг, соёлын арга хэмжээ, хот тохижилт зэрэг ажлуудыг хийж болно гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн Монголын нийт 217 мянган оюутны 10 хувь буюу \”21700 оюутныг ажлын байртай болгох нь\” хөтөлбөрийг Монголын оюутны холбоо санаачилж, www.icv.mn сайтыг нээн ажиллуулахад бэлэн болжээ. Энэхүү сайтад оюутнууд өөрсдийн мэдээллийг оруулснаар ажил олгогч байгууллагуудтай холбоо тогтоох боломжтой болох юм байна.