Өчигдөр орой Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ий B хэсгийн хоёр дахь тойргийн тоглолт Португаль, Мороккын багуудын хооронд болж 1:0 харьцаагаар Португальчууд илүүрхлээ.
Португалийн од Криштиану Рональдо тоглолтын дөрөв дэх минутад хажуугаас дамжуулсан бөмбөгийг мөргөж, өрсөлдөгчийн хаалганд хийснээр тоглолтын хувь заяа шийдэгдсэн юм.
Ингэснээр Рональдо энэ удаагийн ДАШТ-ий дөрөв дэх гоолоо хийж, хамгийн олон гоолтойгоор бүх 32 багийн тамирчдыг тэргүүлж байна. Үүнээс гадна тэр олон улсын чанартай тэмцээнүүдэд хийсэн гоолын тоогоо 85 болгож, Европын дээд амжилтыг тогтоолоо.
Энэ нь Унгарын домогт хөлбөмбөгчин Ференц Пускасын хийсэн гоолын тооноос нэгээр илүү гарсан хэрэг юм. Одоо түүний урд дэлхийн гоолын рекордыг эзэмшигч, 109 гоолтой Ираны Али Даели зөвхөн зогсож байна. Тоглолтын үлдсэн хугацаанд Мороккочууд идэвхтэй довтолсон боловч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй юм. Энэ тоглолтын дараа Португальчууд уг ДАШТ-ий анхны хожлоо авч хэсгээ 4 оноотойгоор тэргүүлж байна. Харин Мороккочууд хоёр тоглолтын дараа ганц ч оноогүй үлдэж, ОХУ-д болж буй ДАШТ-ийг хамгийн түрүүнд орхих багийн болзлыг хангаж байгаа юм.