Индонезийн Суматрагаас хөдөлсөн усан онгоц Тоба нуурт живж, гурван хүн нас барсан бол 190 гаруй хүн ор сураггүй болоод байна. Осолдсон онгоцны ахмадыг цагдаагийн ажилтнууд баривчилжээ. Өнгөрөгч Даваа гаригт гарсан уг осол Индонезийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн осол болж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа аж. Хөлгийн ахмад Туа Сагалагаас гадна ердөө 17 зорчигч амьд үлдсэн байна.
Уг усан онгоц нь 60 зорчигч л тээвэрлэх даацтай бөгөөд албан ёсны тасалбаргүйгээр хүн зөөвөрлөж, хүчин чадлаа хэтрүүлсэн гэж албаныхан буруутгаж байгаа юм. Хөлгийн эзэн, мөн ахмад гэмтсэн учир одоогоор байцааж эхлээгүй байгаа гэнэ.
Цаг агаарын байдал таагүй нөхцөлд осол гарах үед Муслим шашинтай жуулчид “Ид” баяраа тэмдэглэж байсан учир дэлхий дээрх хамгийн том галт уулын нуурт тооцогдох Тоба нуур ачаалал ихтэй байжээ. 193 зорчигч алга болсноос хэд орчим нь хүүхэд байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Б.Болормаа