Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ 5 хувьд ипотекийн зээл авсан болон авах гэж байгаа иргэд нийтээр хамрагдахгүй. Засгаас баталсан Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулахаар тусгажээ. Бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох салбарын сайд нарт үүрэг болголоо.
Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах иргэд ипотекийн 5 хувийн зээлд хамрагдах аж. Ипотекийн зээлд хамрагдсан нийт 75 мянга гаруй өрхийг 5 хувьд шилжүүлэх боломжгүй.