Өнөөдөр \”мартын найман\” буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэж эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг. Түүх сөхвөл энэ өдөр цагаач эмэгтэйчүүдийн өөрсдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг байсан гэдэг. Тэр цагаас хойш эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаялт зарлаж эрхээ хамгаалан тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн байх юм. Жишээ нь 1908 онд оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах,
илүү цаг ажилласны нэмэлт хөлс олгохыг шаардан, ажил хаялт зарлаж байсан байна.
Гэвч тухайн нийгмийн цаг үеэс шалтгаалан эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүлээж авч тоодоггүй байсан учир эмэгтэйчүүд өөрсдийн тэмцлийг олон улсын хэмжээнд болгон өргөжүүлж, 1909 оны арваннэгдүгээр сарын 22-нд \”20 мянгын бослого” нэртэй олон улсыг хамарсан эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах аян өрнүүлжээ. Энэ жагсаал цуглаан хоромхон зуурт хүрээгээ тэлж, хэдэн сараар үргэлжилсээр цагаач эмэгтэйчүүд өөрсдийн дуу хоолойг хүргэж, эрх ашгаа тодорхой хэмжээгээр хамгаалж чадсан гэдэг.
Энэхүү олон улсыг хамарсан жагсаал цуглааны дараа буюу 1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэ уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.
Ийм их хөлс хүчээр өөрсдийн үзэл бодлоо хэнээс ч айлгүйгээр илэрхийлэх эрх чөлөөг эхчүүд, эмэгтэйчүүд маань олж авсан түүхтэй байх юм.
Тиймээс хацар гоо охид, хатан заяат ижий нартаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гал цогтой мэндийг хүргэж байна. Ардын Уран зохиолч Ш.Сүрэнжав гуай нэгэнтээ \”Эмэгтэй хүн гэдэг тарни юм” хэмээсэн байдаг. Үнэхээр тарни лугаа их увдастай Монгол нутгийн эмэгтэйчүүд маань үргэлж аз жаргалаар бялхаж явахыг хүсэн ерөөе. Бүсгүй хүн та Амитавагийн амилсан дүр, хайр энэрлийн ертөнц билээ.
Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж
Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе …
Монгол туургатны цахим сайт Үндэстэн.мн