Таван Богд Групп нээлттэй дуудлага худалдаагаар хуучин Хэвлэх Үйлдвэрийн барилгыг өөрийн эзэмшилдээ авсан билээ.
Улмаар тэд Хэвлэх Үйлдвэрийн барилгыг 1929 оных нь тэр л түүхэн дурсгалт байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн.
Түүхэн дурсгалт, ууган барилга байгууламжийн үндсэн төрхийг орчин үетэй хослуулан сэргээснээр Улаанбаатар хотын өнгө төрхийг шинэчлэх алхам болох талаар тус группээс мэдээлж байв.
Тус барилгын ашиглалтыг сэргээх ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тухайн барилгын өнгө төрх дизайныг шинэчлэх ажлын хүрээнд Монгол дахь зураг төслийн компаниудын дунд экстерьер зургийн уралдаан зарлан шилдгийг нь шалгаруулжээ.
Шалгаруулалтаар \”GRADON ARCHITECTURE ASIA” -н гаргасан зураг шалгарсан байна. Таван Богд Группын зүгээс барилгын ерөнхий төрхийг худалдаа үйлчилгээ, галлерейн зориулалттай 2-3 давхар бүхий барилгын зургийн уралдаан зарласан юм. Улаанбаатарын төвд орших энэхүү байшингийн барилгын ажил энэ жилдээ эхлэх юм байна.