Нийтийн үйлчилгээний байгууллагууд цаг агаар хүндэрсэн өдрүүдэд шөнийн цагаар ажиллалаа
Өнгөрсөн баасан гарагаас эхлэн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж автотээврийн хэрэгсэл зорчиход аюултай нөхцөл байдал үүссэн. Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зүгээс зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд онцгой анхаарч ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн юм.
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн өдрүүдэд нийслэлийн төвийн 6 дүүргийн 79 машин 625 хүн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гарч ажиллав. Сонгинохайрхан дүүргийн нийтийн үйлчилгээний байгууллагын ажилчид, 2016 оны 03 дугаар сарын 04-ний 09:00-17:30 цагийн хооронд Нарангийн энгэрт боогдсон 100 машиныг цаснаас гаргаж, Эмээлтийн товчооний орчим цасанд боогдсон 30 машиныг, \”Баянчандмань Азза” ТӨХК-тай хамтран 2 талаас цасыг арилгаж гаргасан байна.
Нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг арилгах зорилгоор давс 40 тонн, бодис 205 тонныг цацаж, шар хантаазтанууд цэвэрлэгээний хуваарийг шинэчлэн гаргаж оройн цагаар ажилласан байна.
\”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 18 рейс хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэж, хаяв. Цас орсон өдрийн шөнийн 23 цагаас өглөө 07 цагийн хооронд нэг трактор, 50 ковш машин Айдасын даваа,Морин давааны цасыг түрж, цэвэрлэн даваануудын замын зорчих хэсгийг чөлөөтэй болгосон.
Нийт гурван өдөр 160 машин 1376 хүн хүч, машин техникийг дайчлан, нийтийн эзэмшлийн зам талбайд 109 тонн давс, бодис цацаж цэвэрлэгээ үйлчилгээ хийжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.