Өмнөд Солонгосын засгийн газар визний шаардлагаа өндөрсгөхөөр бэлдэж байгаа гэнэ. Учир нь, Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр тус улсад оршин суух гадаад иргэдийн дотор сүрьеэ өвчний илрэл 2009 онд 637 байснаа 2014 онд 1,858 болж бараг гурав дахин өсчээ. 2014 онд энэхүү өвчин илэрсэн хүмүүсийн 63 хувь нь эрэгтэйчүүд байсан аж. Насны хувьд 34.2 хувь нь 30 хүртэл насныхан, 19.7 хувь нь 40 хүртэл насныхан, 17.3 хувь нь 50 хүртэл насныхан, 18.1 хувь нь 60 хүртэл насныхан, 6.5 хувь нь 70 хүртэл насныхан байжээ.
Сүрьеэ өвчин нь эмчлэгддэг боловч хэд хэдэн төрлийн антибиотикийг 6-9 сарын хугацаанд тасралтгүй хэрэглэх шаардлагатай байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллээр сүрьеэ нь ДОХ-ын дараа ордог халдварт, үхэл таригч өвчин гэнэ. Дээрх шалтгааны улмаас Өмнөд Солонгосын Засгийн газар урт хугацааны визийн хүсэлт гаргагчдад сүрьеэ өвчний урьдчилсан шинжилгээ хийлгэх шаардлага тавихаар төлөвлөж байгаагаа өнөөдөр зарлажээ. Сүрьеэгийн шинжилгээ визний шаардлагад нь тавигдах 18 орныг тодруулсны дотор Балба, Орос, Вьетнам, Монгол, Индонези, Хятад улсууд багтсан байна. Эдгээр орнуудыг сүрьеэ өвчин импортлох боломжтой голомтууд гэж үзэж байгаа гэнэ. Жагсаалтад багтсан орнуудын иргэд 91 хоногоос дээш хугацаатай виз хүсвэл төрийн өмчийн эмнэлэгт сүрьеэгийн шинжилгээ хийлгэсэн баримтаа хавсаргах хэрэгтэй болж байна. Хэрвээ сүрьеэтэй нь батлагдвал виз олгохоос татгалзах юм.
Мөн Солонгост сүрьеэг эмчлүүлэхэд үнэ төлбөргүй байдаг тул гадны иргэд энэхүү өвчнөө эмчлүүлэхээр тус улсыг зорьдог байж болзошгүй хэмээн эрх баригчид нь сэжиглэж байгаа аж. Хэрвээ ийм зорилгоор Өмнөд Солонгост ирсэн нь батлагдвал эмчлүүлж дууссаны дараа албадан гаргах ажээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар зарим гадаад ажилчид ирэнгүүтээ шууд эмнэлэгт үзүүлж эмчилгээнд ордог нь үүний нэг баталгаа гэнэ. Гэвч үүнийг нь батлах хэцүү, мөн өвчтэй ажилчдыг хяналтад байлгахад тогтсон хаяггүй, хэлний асуудалтай тулгардаг тул ийнхүү визний нөхцөлтэй нь холбож өгөхөөр шийджээ.