Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцрохыг шаардаж хэсэг иргэд жагсаал зохион байгуулаад байгаа. Тэд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж Э.Бат-Үүл даргыг орлогч нараа цөөлөхийг хүсч, энэ сарын 9-ний дотор зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардаж жагссан.
Мөн хотын даргыг огцрохыг шаардсан гарын үсгийг иргэдээс цуглуулж эхлээд байгаа аж. Тэгвэл хотын дарга иргэдийн жагсаалыг Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж буй явдал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн \”Хуулийг хэрхэн харж, яаж тайлбарлах нь тэдний эрх. Зургаан орлогчийн нэгнийх нь дундаж цалин 800 мянга төгрөг байгаа. Бид 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орлогч бүр өөр өөрсдийн хариуцсан ажилтай. Тиймээс тэднийг албан үүргээс нь чөлөөлөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгчээ.