Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу энэ сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл бүртгэл явуулахаар болсноо Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд Буянт-Ухаа 2 хороололд 350 орон сууцыг түрээслүүлэх юм. Харин орон нутагт бүртгэлийн өдрүүд ялгаатай. Тухайлбал, Дархан Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан суман дахь \”Найрамдал хороолол”-д 85 байранд бүртгэл хийнэ. Харин \”Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэл хийнэ. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хуваасан. Ингээд тус бүрд нь 5-30 хувийн квот олгожээ.
Тухайлбал, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа юм. Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулна.
Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх юм байна.