УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэргээр АТГ-т хандаад байгаа билээ. Улмаар уг асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар болсон бөгөөд өдгөө түүний саналыг дэмжиж 17 гишүүн гарын үсгээ зураад байгаа юм. Хэрэв нэмж хоёр гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол явуулах эрх зүйн үндэс бүрдэнэ. Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим гишүүний зүгээс 2020 оны сонгуулиас өмнө 60 тэрбумын хэргийг шийдэх хэрэгтэйг сануулсан юм. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ “Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын хэргээр АТГ-т хандсан. Би өөрт байгаа бүх бичгээ түүнд хүргүүлсэн байгаа. Бас хэрэгсэхгүй болгосон бүх бичиг баримтаа би өгсөн. Төрийн албан хаагчдын ажлыг амгалан тайван хийлгэх хэрэгтэй. Нэг мөр ойлголттой болгох нь чухал. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 2016 оноос хойш томилогдсон бүх хүнийг хардаж, сэрдэж байна. Би сонгуулийн өмнө намын даргаар ажиллаж байсан. Би хэн нэгэн хүнээс мөнгө авч, албан тушаалд томилоогүй” хэмээн хэллээ.