Цаг агаарын гамшигт үзэгдэл дахин давтагдаж магадгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа. Тодруулбал гуравдугаар сарын 11-нд нутгийн хойд хэсгээр цас орох төлөв ажиглагджээ. Энэ үеэр зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Өндөр уулын болон голын ай сав дагуу нутгаар хүйтний эрч чангарч, Завхан голын эхээр шөнөдөө 39-44, өдөртөө 23-28 градус хүрч хүйтрэх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 1-6, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус орчим хүйтэн байх аж.
Ихэнх нутгаар цас орж, зарим газар хүчтэй цасан шуурга болж байгаа нь баруун Сибирээс орж ирсэн хүйтэн агаарын урсгалын нөлөө гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс тайлбарласан юм. Хүйтэн агаарын урсгал ойрын өдрүүдэд манай улсын төвийн болон зүүн бүсийн нутгийг дайран өнгөрнө гэдгийг ч сануулжээ. Мөн зарим газраар дулаарч, өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.