Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж буй жолооч нарын оноог хасах журам хэрэгжиж эхэлсэн билээ. Сар гаруйн хугацаанд нийт 10191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулсан байна.
Зөрчил гаргасан жолооч нарын 50 хувь нь өөрт байх 10 онооноосоо 2-5 хүртэл оноо хасуулжээ. Ихэнх жолооч хамгаалах бүсээ зүүгээгүй, зорчигчийн хамгаалах бүсийг зүүлгээгүйгээс болж оноогоо хасуулжээ. Мөн гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохиог, орон нутгийн замд явахдаа хүн, ачаа тээвэрлэх журам зөрчсөнөөс болж оноогоо хасуулж, торгуулсан байна. Жолооч нарт зөрчлийн оноо автоматаар олгож, хасах болсон нь дүрэм зөрчсөн жолооч нарт сэтгэл зүйн сануулга болж эхэлсэн гэж ЗЦГ-аас мэдээллээ.
Зөрчил гаргасан жолооч нар оноо нь хэд хүрсэн, хаана ямар дүрэм зөрчиж оноогоо хасуулсан зэрэг мэдээллээ утсандаа тусгай апплкейшн татаж, шалгах боломжтой. Гэхдээ энэхүү техникийн ажил бүрэн хийж арай дуусаагүй. Одоохондоо www.service.police.gov.mn сайтад хандаж өөрийн зөрчлийн оноо, торгуулийн талаарх мэдээллээ авч болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаа нар бэлэн бусаар зөрчил гаргасан жолооч нарыг торгож байгаа. Одоогоор энэхүү бэлэн бусаар торгох цахим машиныг нийт цагдаа нарын 60-70 хувь нь л ашиглаж байгаа юм байна.