АНУ-ын Мэрилэнд муж улсын “Capital Gazette” сонины редакцийн газарт нэгэн үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн бэртэж гэмтжээ.
Энэ талаар тус сонины газрын сэтгүүлч Фил Дэвис “Үл таних Зэвсэглэсэн этгээд шилэн хаалгыг буудаж ажлын байр руу нэвтрэн ороод олон хүн рүү гал нээж эхэлсэн. Ширээн доор нуугдах үед гэмт этгээд олон хүн рүү гал нээж, буугаа дахин цэнэглэж байхыг нь сонсох шиг аймшигтай зүйл байгаагүй” хэмээн өөрийн “Твиттер” хуудастаа бичсэн байна. Fox News телевизийн мэдээлж байгаагаар Анн-Арандел дүүргийн цагдаагийн газрын дарга Рона Бэйтман уг халдлагыг үйлдсэн этгээдийг баривчилсан гэдгийг баталжээ.
Мөн түүнчлэн гэмт этгээд хурууны хээгээ таниулахгүйн тулд зориуд хуруугаа гэмтээсэн талаар “CBS” телевиз мэдээлсэн байна. Одоогийн байдлаар тус сонины газрын ажилтнуудыг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд өдгөө уг газарт саперын албаныхан тэсэрч дэлбэрэх бодис олж илрүүлээд байгаа юм байна. Сонины газарт гарсан энэхүү хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эмгэнэл илэрхийлэхийн сацуу хэргийн газар ажилласан шуурхай албаны ажилтнуудад талархал илэрхийлжээ.