Өнөөдөр \”World Sleep Day\” буюу \”Дэлхийн унтлагын өдөр\” тохиож байна. Энэ өдрийг 2008 оны гуравдугаар сарын 14-нд анх удаа тэмдэглэж, түүнээс хойш нойр, эрүүл мэндийн асуудлаарх ДЭМБ-ын төслийн хүрээнд энэ өдрийг жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гаригт тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Зөв хооллож, ажил амралтаа зөв зохион байгуулж, хангалттай хугацаагаар унтах нь бие болоод сэтгэцийн эрүүл мэндэд нэн тустай.
Хүн бүр дунджаар амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Удаан хугацаагаар дутуу нойртой байх нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, тодруулбал хошин шогийн мэдрэмж байхгүй, цухалдуу, зожиг болгодог ажээ. Нойрныхоо дөрвөн цагийг алдахад хариу үйлдэл 45 хувиар буурдаг байна.
Ой санамж муудаж, магадгүй янз бүрийн өвчин сэдэрч болох талтай. Нойр муу байх нь яваандаа цус хурвалт, зүрхний шигдээс, цусны даралт ихдэх болон бусад ноцтой өвчинд хүргэх шат болдог байна. Үүний зэрэгцээ хэвийн нойр нь зүрх-судасны болон бусад олон өвчин, таргалалтаас урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй аргын нэг мөн.
Сайтар унтахын тулд зарим энгийн дүрэм журмыг мөрдөхөд л хангалттай. Унтахын өмнө согтууруулах ундаа, кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, эдгээр нь мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Хэрвээ юм идэлгүй, эсвэл эсрэгээр хэт их идсэний дараа та унтахаар хэвтдэг бол, энэ нь нойрны чанарыг муутгадаг юм. Оройн хоолноос унтах хүртэл 4 орчим цагийн зайтай байх ёстой. Гэвч их унтах нь нойр муутай явахаас багагүй хортой ажээ. Эрдэмтдийн үздэгээр, насанд хүрсэн хүний унтах хамгийн зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг байна. Эмэгтэйчүүд нэг цагаар илүү унтах шаардлагатай, учир нь тэд илүү сэтгэлийн хөөрөлтэй байдаг гэж зарим мэргэжилтэн үздэг ажээ.