Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхлоо.
Дараа нь, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёолон насны морьдын уралдаанд түрүү авсан уяачийн галд зочилж, морь унаач хүүхдэд гарын бэлэг гардуулж, тус галынханд баяр хүргэв. Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 197 хурдан хүлэг шандас сорьсноос Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан үрээ түрүүлж, төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүллээ. Тод манлай уяач Т.Галбадрах унаган адуу хонгор халзан соёолон үрээгээ өнөөдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билигүүдэйгийн нэр дээр уяанаасаа мордуулжээ. Түрүү магнай хонгор халзан соёолонг 292 дугаартай, долоон настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүү унаж хурдлуулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол хүн морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн, монгол морио үеийн үед дээдэлсээр ирсэн. Цаашид ч дээдлэн хүндэлж явах учиртай. Миний хувьд монгол адууг хил давуулан худалдаалахын эсрэг байдаг. Тэр бодлогоо ч баримтлах болно. Уяачид, унаач хүүхдүүддээ олон, олон жил төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлж түмэн олноо баясгаж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баярлуулж яваарай” хэмээн ерөөл өргөв