Орон нутгийн өрхийн болон бичил бизнес эрхлэгч иргэдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай санамж бичиг байгуулав.
Энэхүү санамж бичгийн хүрээнд сумын иргэд өөрийн бизнесийг шинээр эхлүүлэх, өргөжүүлэхэд шаардлагатай сургалт, зөвлөгөө мэдээлэл, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хөдөлмөрийн яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс болон Хөгжлийн бодлогын жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэнгээр дамжуулан сургалт зохион байгуулах, төслийг нь боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм. Харин Аж үйлдвэрийн яам Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тухайн суман дахь арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээлийг олгох юм. Мөн түүнчлэн Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэдэд баталгаа гаргах боломжтой.
Энэхүү өрхийн болон бичил бизнес эрхлэгч иргэдэд зориулагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нийт 50 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн 9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, нэг зээлдэгчид 20 хүртэл сая төгрөг байна.
www.mi.gov.mn