Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хэрвээ хэн нэгэн хүн түүнд бурхан гээч зүйл үнэхээр байдаг гэдгийг нотлон харуулж чадвал төрийн тэргүүнийхээ үүрэгт ажлаасаа нэн даруй чөлөөлөгдөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Түүний хэлснээр бол бурхан гэдэг зүйл үнэхээр байдаг гэдгийг түүнд итгүүлэх тэдгээр хүмүүс нь бурхантай үнэхээр харьцаж, диваажинд очиж байсан гэдгээ батлан харуулах ёстой ажээ.
Өдгөө 73 настай Ерөнхийлөгч Р.Дутерте өнгөрсөн баасан гарагт Филиппиний Давао хотод залууст зориулсан шинжлэх ухаан, технологийн хөгжил сэдэвт чуулганд үг хэлэхдээ сүсэгтэн олноос мөнгө хураадаг католик сүм хийдийнхнийг луйварчидтай адилтгаж, “Та бүхний бурхан миний бурхан биш. Миний бурхан илүү ухаантай” гэхчлэн ярьж олны дургүйцлийг хүргэжээ. Тухайн үед тэрээр сүсэгтэн олны өмнө сансар огторгуйн хүчин зүйлийн нөлөөн доор орших “Дээд тэнгэр”-т залбирдаг гэдгээ мөн хэлсэн байна. Филиппиний 95 сая гаруй иргэдийн дийлэнх хэсэг нь католик шашныг шүтдэг бөгөөд харин тус улсын өмнө зүгт амьдардаг хүн амын цөөнх 5 хувь нь л исламын шашныг шүтдэг ажээ.