-ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН, ОНЦ ХҮНД
ГЭМТ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ-
Орхон аймаг Баян-өндөр сумын Баянцагаан багийн нутагт 2015 оны 09 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 2 хүний амь нас хохироосон , 3 хүний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан онц хүнд гэмт хэрэг үйлдэгдэн гарсан талаар өмнө нь мэдээлж байсан.
Хэргийн холбогдогч Ж.Э гэгч боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө Булган аймаг Хангал сум Хялганат тосгоны нутагт мал маллаж байсан, хувийн харилцаатай байсан хохирогч Б.Х-г бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэн, зодож хүнд зэргийн гэмтэл учруулсан, хохирогчтой хамт амьдарч байсан 4 настай Б.Э, 5 настай Б.У нарын биед хүнд гэмтэл танхайн сэдэлтээр, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнд учруулсан, мөн тэнд цуг байсан 9 настай С.Э, 81 настай Н.Б нарыг танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, түүнийг биеэ хамгаалж чадахгүй буюу өндөр настай болохыг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын ажиллагаа, хяналтын камерын тусламжтайгаар илрүүлэн тогтоож, аймгийн прокурорын газраас 2015 оны 12 сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 03 сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Э-г 3 хүний биед хүнд гэмтэл танхайн сэдэлтээр, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй , хоёр буюу түүнээс олон хүнд учруулсан, 2 хүнийг танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96-р зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.6, 96.2.9, 96.2.10, 91-р зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16-дах хэсэгт зааснаар нийт 25 жилийн хорих ял оногдуулан хорих ялын заримыг буюу 8 жилийн ялыг гянданд эдлүүлэхээр, 17 жилийн ялын онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА