Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас /тухайн үеийн нэрээр/ “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” төслийн хүрээнд иргэдэд үйлчлэх “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ машин”-ыг ашиглалтад оруулан ажиллуулж эхэлсэн билээ. Харин уг үйлчилгээг болиулах гэнэ гэсэн мэдээлэл сүүлийн үед нэлээд түгэх болсон. Гэтэл өнөөдрөөс цахим орчинд ТҮЦ машиныг хурааснаас болж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэх иргэдийн дугаарлалтад ачаалал үүсч эхэллээ гэсэн мэдээлэл бүхий зураг цацагдлаа.
Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Маркетингийн хэлтсээс тодруулахад “Төрийн үйлчилгээний ТҮЦ машиныг хураагаагүй. Ер нь үйлчилгээнээс хасах тухай огт яригдаагүй. Энэ бол үндэслэлгүй яриа байна. ТҮЦ машинууд ажиллаж байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.
Улсын хэмжээнд 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн төрийн үйлчилгээг иргэдэд орон даяар жигд хүртээмжтэй, ил тод, авилгал, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор ТҮЦ машиныг байршуулж эхэлсэн байдаг. Харин УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн багц хууль батлагдсантай холбоотойгоор ТҮЦ машиныг хэрэглээнээс гаргах талаар ташаа ойлголт нийгмийн мэдээллийн сүлжээнд тархахад нөлөөлсөн гэж холбогдох албаныхан тайлбарлаж байна.
2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Улсын бүртгэлийн багц хуулинд төрийн бүх үйлчилгээг цахим шилжүүлэх талаар тусгасан байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 77, хөдөө орон нутагт 33 ширхэг ТҮЦ машин хэвийн, тогтвортой ажиллаж байгаа ба Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр ТҮЦ машинаар хүргэх үйлчилгээний тоо ч мөн нэмэгдэх юм байна.