ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой утсаар ярьж, тагнуулын хэрэгт сэжиглэгдэн АНУ-д баривчлагдаад буй ОХУ-ын иргэн Мария Бутинаг суллахыг тус улсаас шаарджээ. Тэрээр Мария Бутинагийн хэрэг бол зохиомол хэрэг гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна энэ үеэр хоёр улсын гадаад бодлогын тэргүүнүүд Сирийн нөхцөл байдал болон Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах зэрэг асуудлуудаар ярилцсан байна.
Энэ сарын 15-нд АНУ-ын шүүх ОХУ-ын иргэн 29 настай Мария Бутинаг тус улсын эсрэг тагнуулын ажиллагаа явуулсан шалтгаанаар баривчлах шийдвэр гаргасан бөгөөд АНУ-ын Засгийн газарт нөлөө бүхий нэгэн байгууллагад нэвтэрч өөрийн улсад ашигтай шийдвэр гаргуулах оролдлого хийсэн гэж үзжээ.
Ингэхдээ Бутина Америкийн зарим албан тушаалтнуудтай дотно харилцаа үүсгэж, хариуд нь дэмжлэг авах санал тавьж байсан гэж прокурорууд мэдэгдсэн юм.