Энэтхэг улсад жагсагчид сүүлийн хэдэн сарын турш идэвхтэй хөдлөгөөн өрнүүлснээр ариун цэврийн бүх бүтээгдэхүүнийг 12 хувийн татвараас чөлөөлсөн байна. Засгийн газраас эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл гэх мэт бүх төрлийн бүтээгдэхүүнд 12 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргаснаас жилийн дараа ийнхүү татварыг хөнгөлөхөөр болсноо мэдэгдлээ.
Таван эмэгтэй тутмын дөрөв нь ариун цэврийн хэрэглэл хэрэглдэж чадахгүй байхад ийнхүү татвар ногдуулах нь бараа бүтээгдэхүүний үнийг улам нэмэгдэхэд хүргэнэ хэмээн кампанит ажил өрнүүлэгчид үзэж байгаа аж.
Харин эрх баригчдын зүгээс нааштай шийдвэр гаргаж, жагсагчдын хүссэн шийдвэрийг гаргажээ.
Томсон Ройтерс сангийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хандивын санг үүсгэн байгуулагч Сурбхи Сингх “Энэ бол сурч, ажиллаж хөдөлмөрлөж буй охид, эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их хүлээсэн, тэдэнд хэрэгтэй шийдвэр болж чадлаа. Уг шийдвэр охидыг өсч торнин, бодит чадвараа харуулахад ч асар их нөлөөтэй” хэмээн өгүүлсэн байна.
Б.Болормаа