1990 онд өвгөнийг минь огцроход 500 төгрөгнөөс өөр юу ч өгөөгүй. Бидэнд байр, унаа байгаагүй. Багш байхад нь 12 дугаар Микро районд дөрвөн өрөө сайхан байртай байсан. Тэгсэн өвгөн \”Хоёулаа улсын байранд орлоо. Хүүхдүүд бага болохоор тэр байрыг тэнд цоожтой байлгаж байхаар хотын захиргаанд гэрчилгээг нь аваачаад өгчих. Нэг ч гэсэн хүн орон гэртэй болог гэхээр үгэнд нь орж, Балжинням гэдэг даргад байрныхаа гэрчилгээг аваачаад өгчихсөн.
Ингээд 1990 оны гуравдугаар сард өвгөн ажил, байргүй болж хаашаа ч очих аргагүй болсноор Их тэнгэрийн аманд, энэ байранд ортлоо өвлийн хүйтнийг үзэж байлаа. Хажууд байсан айлууд бүгд нүүгээд явчихсан. Гэтэл бид хоёр нүүгээд орох байргүй сууж байлаа. Одоо энэ байрнаас өөр юу ч байхгүй. Бид хоёрын мөнгө нийлээд 800-хан төгрөг болдог байв. Байр, цахилгаан, хоолоо авахад хаанаа ч хүрдэггүй байсан. Тэр үед бид хоёр аль олдсон ажлыг л хийж явлаа. Нөхөр талхаа өөрөө барьдаг боллоо. Би буриад гутал хийж, дээл оёж зардаг байлаа.
Хүү маань хойшоо, урагшаа явж даавуу авчирч дээл оёж таньдаг хүнээр заруулж хэд гурван төгрөг болгоно. Намайг гэртээ юм оёод суучихаар өвгөн минь очиж картын бараагаа авдаг байсан. Тэгээд ирэхдээ \”Ёстой эвгүй юмаа. Нэг л их урт дугаар байна. Хойно зогссон минь хүмүүс урагшаа ороод ав гээд байх юм. Надтай адилхан хөгшчүүл, хүүхэд гээд янз бүрийн хүн дугаарлаж байхад \”Миний юмыг өг” гээд дайралтай нь биш. Адилхан л зогсч байгаад аваад ирлээ гэдэг байсан.
Ж.Батмөнх агсны гэргий А.Дариймаа