Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсел Акчайг өнгөрсөн баасан гаригт хулгайлсан гэх мэдээлэл гарсан. Энэ үйл явцыг сурвалжилж олон нийтэд хүргэсэн Ийгл ньюс телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч халдаж, шанаа руу нь цохьсон бичлэг цацагдаад байгаа билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр сэтгүүлчийг шанаадсан тухайн иргэн нь Вейсел Акчайн хувийн бие хамгаалагч аж. Харин Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Бид энэ асуудлыг шалгаад эргээд хариу өгнө” гэсэн байна. Тэгвэл сэтгүүлчид халдсан асуудлаар Ийгл ньюс телевиз Цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм байна. Сэтгүүлч үйл явцыг газар дээрээс нь шуурхай хүргэж, албан үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдсан цагдаагийн алба хаагчийн талаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн Ерөнхий газрын Ёсзүйн хороонд гомдол гарган, сэтгүүлчийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа ажээ.