Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг, эвлэлийн хуулийн зөвлөх Г.Балжмаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд МСНЭ-ээс гаргасан албан ёсны мэдэгдлийг уншиж танилцуулсан юм. Сүүлийн долоо хоногийн дотор олон нийтэд мэдээлэл хүргэхээр ажил үүргээ гүйцэтгэж явсан хэвлэл мэдээллийн ажилтанд төрийн байгууллагын ажилтнууд хоёр ч удаа гар хүрсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр сурвалжлага хийж явсан UBS телевизийн зураглаачийг алгадсан. Мөн ЭЦА-ны ажилтан нь сурвалжлага бэлтгэж явсан Ийгл телевизийн сэтгүүлчийг шанаадсан юм.
Өмнө нь Эрүүгийн хуульд “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад учруулах”-ыг гэмт хэрэгт тооцдог байсан. Харин шинэ Эрүүгийн хулуьд дээрх заалт үгүй болсон билээ. МСНЭ-ээс гаргасан мэдэгдлийг хүргэж байна.
Турк эр Вейсел Акчайг хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомж, манай улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцод харшилсан үйлдэл. Ардчилсан оронд гарсан энэхүү ноцтой үйлдлийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Монголын 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилж, шөнийн 02.00 цаг хүртэл ЭЦА-ны үүдэнд сурвалжлага бэлтгэсэн. Гэтэл хохирогчоор байцаалт өгөөд гарч буй Вейсел Акчайг ЭЦА-ны хаалгаар гаргаж, албаныхаа тэргэнд суулгаж буй цагдаагийн ажилтан сурвалжлага бэлтгэж яваа Ийгл телевизийн Батцэцэг хэмээн сурвалжлагч бүсгүйг зүүн гараараа шанаадсан. Мөн Хавдар судлалын үндэсний төвд сэтгүүлчид тус төвийн захирал Ж.Чинбүрэнгээс ярилцлага авч байхад Нийслэлийн ерөнхий менежер Т.Гантөмөр холдохгүй, зураглаачдыг дүрс бичлэг хийхэд саад учруулж байв. Үүнд нь шаардлага тавьсан телевизийн зураглаачийг алгадсан.