Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг томилуулах саналыг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлжээ. Уг албан тушаалыг хашиж байсан Ш.Солонгийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсонтой холбогдуулж орных хүнийг томилох сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зарлаад байсан юм.
Сонгон шалгаруулалтад дөрвөн хүн нэрээ дэвшүүлснээс Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хамгийн өндөр оноо авсан байна. Ш.Солонгийг Цэцийн гишүүнээр томилсонтой холбогдуулж түүний эрхэлж байсан албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах захиалгыг Засгийн газраас өнгөрсөн сард Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байсан юм. Сонгон шалгаруулалтыг цахим систем болон долоон бүрэлдэхүүн шалгалтын хүрээнд зохион байгуулжээ. Улмаар тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэж, эдгээр иргэдээс дахин үнэлгээ авчээ. Шалгалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд Г.Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн байна.