Авлигатай тэмцэх газрынхан Замын-Үүдийн гаальд гэнэтийн шалгалт хийж, тус
гаалийн газрын ажилтнуудыг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнууллаа. Эх
сурвалжийн ярьж буйгаар, АТГ-ынхан Замын-Үүдийн гаальд энгийн хувцастай
нэвтрээд, үүд хаалгыг нь цоожлоод хэн ч хөдөлж болохгүй хэмээн \”таг зогсолт”
хийлгэхийн зэрэгцээ хувцсаа сольж өмсөн, үнэмлэхээ гаргаж үзүүлэх маягийн зүйл
болжээ.
Ийм гэнэтийн шалгалтад Замын-Үүдийн гаалийнхан бүдрэхийн дээдээр
бүдэрч, авлига авсан нь үйлдэл дээрээ баригджээ. Замын-Үүдийн гаалийнхан авлига
аваад сурчихсан, энэ үйлдэлдээ бүр гаршчихсан байдгийг хэн хүнгүй ярьдаг ч
иймэрхүү шалгалт урьд өмнө нь хийж байсангүй. Тиймээс гуравдугаар сарын 30-ны өдөр Замын-Үүдийн Гаальд хийсэн гэнэтийн шалгалтаар нэр бүхий гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч нар бусдаас авлига авсан үйлдэл дээрээ
баригдав. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахын зэрэгцээ тэдний ажлын байр
болон гэрт үүр цайтал нэгжлэг хийсэн байна.
Мэдээж энэ үеэр маш их зөрчил
илэрсэн бөгөөд \”Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэдэг
гаалийнхны \”алтан дүрэм\” авлига бүрээр зөрчигдсөөр байжээ.