Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагийн орчимд хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Урьдчилсан шалгалтаар, хүн амины хэрэг болох нь тогтоогдсон гэх ба хохирогч нь 40 орчим насны иргэн гэх мэдээлэл байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч нь Зам тээврийн хөгжлийн яамны өндөр албан тушаалтан гэх бөгөөд тодруулбал, хохирогч нь тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г гэгч байсан бол уг хэргийн сэжигтнээр, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Дээрх албан тушаалтнууд нь хэрэг гардаг орой ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж улмаар хоорондоо маргаан үүсгэсний улмаас нэгнээ хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм байна. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.