Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу \”Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага. Ерөнхий шаардлага” болон \”Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын төв. Ерөнхий шаардлага” стандартыг Хөдөлмөрийн сайдын 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны А/216 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулсан. Уг стандартуудыг өнгөрсөн хоёрдугаар сарын 19-ний Техникийн хорооны хурлаар батлуулж, гуравдугаар сарын 31-нд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлууллаа.
\”Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага. Ерөнхий шаардлага” стандартад сургалтын байгууллагын онолын танхим, жолоодлогын дадлагын талбай, тээврийн хэрэгсэлд тавих шаардлагыг тодорхой заасан. \”Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын төв. Ерөнхий шаардлага” стандартад онолын шалгалт зохион байгуулах анги танхим, жолоодлогын шалгалтын талбай, шалгалт авах тээврийн хэрэгсэлд тавих шаардлагыг тодорхой тусгаж, талбайн жолоодлогын үйлдлийн элементүүд, жолоодлогын шалгалтын талбайн жишээ загварыг хавсралтаар зааж оруулсан.
Өнөөгийн орчин нөхцөл, боломжийг харгалзан жолоодох эрхийн шалгалтын төв нь онолын болон жолоодлогын шалгалтыг зохион байгуулахдаа заавал өөрийн эзэмшлийн байр, талбай, тээврийн хэрэгсэлтэй байх шаардлагагүй тул жолооч бэлтгэх сургалтын байгууллагын онолын танхим, жолоодлогын дадлагын талбай, холбогдох ангиллын тээврийн хэрэгслийг ашиглан тухайн шалгалтыг зохион байгуулж болохоор тусгасан бөгөөд шалгалттай холбогдох нэмэлт шаардлагуудыг тусгасан болно.
Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам тусгайлан батлагдсан тул энэхүү стандартаар зөвхөн тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, шалгалт зохион байгуулах орчинтой холбогдох шаардлагууд хамаарагдаж байна.