Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын тээврийн комисс ээлжит уулзалтаа хийлээ
Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хооронд болон тус улсаар дамжин европын улсууд руу хийх тээвэрлэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгджээ.
Энэ хүрээнд Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНБеларусьУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын тээврийн комиссын хоёрдугаар хуралдаан энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулжээ.
Монгол Улс одоогийн байдлаар 9 улстай автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулан ажиллаж байгаагаас ОХУ, БНХАУ-ын дараагаар Беларусь Улстай идэвхитэй тээвэрлэлт хийдэг байна.
Тус уулзалт хуралдаанаар тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, Монгол Улс Европын холбооны улсууд руу тээвэрлэлт хийх боломжтой болсонтой холбогдуулан Монгол, Беларусь хоёр улсын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэх шаардлагатай хэмээн санал нэгдэж тус ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.
Монгол, Беларусь хоёр улс жилдээ ачаа, зорчигч тээврийн 200 гаруй зөвшөөрлийн бичиг солилцож, 50 орчим хувь нь л ашиглагддаг байсан бол 2016 оноос тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, 2018 онд 625 зөвшөөрлийн бичиг солилцон тээвэрлэлт идэвхитэй явагдаж байгааг ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд онцоллоо.
Беларусь Улсын хуулиар, дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслээс авдаг татвар өндөр байдаг бөгөөд энэхүү татварыг төлж чадаагүй, төлөөгүйгээгээс үүдэн монголын тээвэрлэгчид өндөр торгууль төлөх, тухайн улс руу дахин тээвэрлэлт хийх боломжгүй болох зэрэг асуудал гарч байсныг талууд дээрх хурлаар хэлэлцэн монгол тээвэрлэгчдийг Беларусь Улсын нутгаар дамжин өнгөрөхөд татвар төлөхгүй байхаар тохиролцжээ.