-МИГ-31БМ ОНГОЦНЫ ШИНЭ РЕКОРД-
ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 14 дүгээр армийн нисэх хүчний нисгэгчид МиГ-31БМ загварын онгоцоор 8000 гаруй км зайг 7 цаг 4 минутын хугацаанд тасралгүй туулж дэлхийд шинэ рекорд тогтоожээ. Зөвлөлтийн дөрөвдүгээр үеийн дуунаас хурдан, амдан сөнөөгч МиГ-31 онгоцыг бүтээх ажил 1968 оноос А.И.Микояны нэрэмжит зохион бүтээх төвд эхэлсэн ба туршилтын загварын анхны нислэгийг 1975 оны 9 дүгээр сарын 16-нд хийж байжээ.
Энэхүү дээд амжилтыг эвдэхийн тулд \”Канск\” нисэх баазаас хөөрсөн тус онгоцыг түлш цэнэглэх зориулалттай Ил-78 онгоцоор агаарт гурван удаа цэнэглэсэн байна. Энэ онгоц нь дайсны онгоцыг 380 км-ийн цаанаас илрүүлэх чадвартай \”Заслон-АМ\” загварын радиолокацын радараар тоноглогдсон ба 280 км-ийн цаана буй дайсны онгоцыг устгах боломжтой гэнэ. Онгоцны зэвсэглэл нь нэгэн зэрэг 6 целийг устгах, харин 10 хүртэл целийг өөрийн хяналтандаа барих боломжийг нисгэгчид олгодог байна.
1997 оноос МиГ-31 загварын онгоцыг сайжруулах ажил эрчимтэй явагдаж эхэлсэн ба одоо оросуудын одоо нисэж буй сайжруулсан МиГ-31БМ онгоц нь эхний загварын онгоцноос бүх талын үзүүлэлтээр 3 дахин илүү болжээ. Энэхүү онгоцны экипаж нь хоёр гишүүнтэй, урт нь – 22,67 метр, өндөр – 6,10 метр, далавчны урт – 13,46 метр, хөөрөх дээд жин – 48,2 тонн, Д30Ф-6М загварын хос хөдөлгүүртэй, дээд хурд нь 3000 км/цаг, нислэгийн өндөр – 20 км юм. Зэвсэглэлд нь 23 мм-ийн зургаан гол төмөртэй ГШ-6-23 загварын пушки, холын зайн Р-33С/Р-37 удирдлагатай пуужин – 6 ширхэг, дундын зайн Р-77/РВВ-АЕ удирдлагатай пуужин – 4 ширхэг, агаар-газар ангилалын Х-59/Х-29Т/Х-59Х загварын удирдлагатай пуужин – 3 ширхэг, радиолокацын радарын эсрэг Х-31П/Х-25М/Х-25МПУ далавчит пуужин – 6 ширхэг, КАБ-1500 загварын чиглүүлэгч бөмбөг – 6 ширхэг, лазерийн чиглүүлэгчтэй КАБ-500 загварын бөмбөг – 8 ширхэг зэрэг бөмбөг, зэвсэг багтдаг.
Р.Энхболд