Зам тээврийн яамны шуурхай хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, Өнгөрөгч амралтын өдөр болсон Иргэний нисэхийн салбарын хөгжлийн хэлэлцүүлгийн үеэр Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, холбогдох хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хэд хэдэн чухал саналууд гарсан.
Үүнийг холбогдох бодлогын баримт бичиг, хуульд тусгах, бэлэн болсон хуулиудаа УИХ, Засгийн газарт яаралтай оруулахаар болжээ. АСЕМ-ийн үеэр зочид төлөөлөгчдөд үйлчлэх хотын тээврийн асуудлыг АТҮТ хариуцаж зохион байгуулах, тээврийн хэрэгслүүдэд GPS тавих асуудлыг зохицуулахаар болсон байна.
Нийслэл хотод нисдэг тэрэгний буудал барих боломжтой 18 газар байгаа бөгөөд АСЕМ-аас өмнө зургаан газарт бага оврын нисдэг тэрэг хөөрч буух буудал байгуулах шийдвэрийг мөн энэ өдрийн хуралдаанаар гаргажээ. Цаашид боломжит газруудад нисдэг тэрэгний буудлыг үргэлжлүүлэн тохижуулахаар болсон байна.
Өнгөрөгч долоо хоногт агаарын тээвэр, авто тээвэр, төмөр зам, авто замын салбарын инженер, боловсон хүчин, мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, аюулгүй ажиллагааны дүрэм журам, шинэ техник технологитой харилцан танилцсан долоо хоног өнгөрчээ.
Түүнчлэн, энэ сарын 18-нд орон даяар зам барилгын ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх бөгөөд зургаан газраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулалт хийх аж. Энэ үеэр Зам тээврийн яам бүх салбарынхаа ажлыг тайлагнах аж. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд зам барилгын ажлын талаар М.Зоригт сайд мэдээлэл хийх гэнэ.